Домэйн нэр эзэмшигчийн хамгийн түрүүнд анхаарах 3 асуудлыг танд танилцуулж байна.

  • Домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл

Таны домэйн нэр өөрийн тань имэйл дээр бүртгэлтэй байгаа юу? Энэхүү эзэмшигчийн мэдээлэлд тоомжиргүй хандсанаар домэйн нэрийн маргаан үүсэх, улмаар домэйн нэрээ бусдад алдах асуудал гардаг. Анх домэйн нэр бүртгүүлж авахдаа онлайнаар буюу танхимд ирж үйлчлүүлэхдээ өгсөн хэрэглэгчийн мэдээлэл таны домэйн нэрийн эзэмшигчийн мэдээлэл болно. Энэхүү мэдээллийг үнэн зөв байлгаснаар та үйлчилгээнийхээ мэдээллийг өөрийн и-мэйлээр цаг тухайд нь шуурхай авах, төлбөр тооцоо, хугацааг хянах зэргээр домэйн нэрээ бусдад алдахгүйгээр найдвартай эзэмших боломжоор бүрэн хангагдана. Мөн эзэмшигчийн бүртгүүлсэн мэйлээр хэрэглэгчийн удирдлагын системд нэвтэрч, домэйн нэрээ вэб сервэррүү заах, имэйл үүсгэх, мэйл сервер болон бусад тохиргоог хийх зэргээр өөрийн үйлчилгээгээ удирдаж чадна. Энэ мэдээлэл нь Эзэмшигчийн мэдээллийн сан буюу WHOIS мэдээллийн сан дээр нээлттэй гарч ирэх бөгөөд хэрэв мэдээлэл буруу, шинэчлэх шаардлагатай байвал домэйн нэр бүртгэгч байгууллагадаа хандаж мэдээллээ тухай бүрт нь шинэчлэх хэрэгтэй. Ингэснээр, домэйн нэрийн эзэмшигчтэй холбоотой маргаанаас сэргийлж чадна.

  • Брэнд нэрээ хамгаалах

        Олонд танигдсан вэб сайтуудыг дуурайн, ижил төстэй нэр сонгон ижил үйлчилгээ явуулах замаар хэрэглэгчдийг будлиулж дундаас нь ашиг олдог вэб сайтууд мэр сэр гарч байдаг. Таны домэйн нэртэй ижил кирилл нэр, эсвэл зөвхөн өргөтгөл өөр домэйн нэрийг Интернэтээр сонгож бүртгүүлээд, вэб сайт хийх боломж нээлттэй юм. Ингэснээр танай хэрэглэгчид төөрөлдөн аль нь жинхэнэ вэб гэдгийг мэдэхгүй болох асуудал ч гарна. Иймэрхүү байдлаас зайлсхийхийн тулд өөрийн сонгосон нэртэйгээ адил төстэй нэрүүдийг өөрийн эзэмшилд байлгах замаар сэргийлж болдог.  

        Домэйн нэр нь интернэтээр хаанаас ч бүртгэх боломжтой, хэн түрүүлсэн нь бүртгүүлэх зарчим мөрддөг ч хэрвээ хэн нэгний брэнд нэрийг зөвшөөрөлгүйгээр түрүүлэн бүртгүүлсэн бол Домэйн нэрийн бүртгэлийн журам, болон Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн гэрчилгээг үндэслээд өмчийн маргаан шийдэх зарчмаар Иргэний хуулийн дагуу Брэнд нэр эзэмшигч нэрээ буцаан авах боломж байдаг. Иймээс олон улсын домэйн нэрийн журамд бусдын алдартай брэнд, барааны тэмдэгтийн нэрийг сонгохгүй байх талаар дурдсан байдаг.

  • Домэйн нэрийн сунгалт, устгагдах хугацаа

      Та домэйн нэр эзэмшигчийн имэйл хаягаа үнэн зөв байлган, мэйлээр сануулга авч, хугацаанд нь үйлчилгээгээ сунгаснаар домэйн нэрээ алдах аюулаас сэргийлнэ. Домэйн нэрийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнөөс сануулгын захиа эзэмшигчийн мэйл рүү ирж эхэлнэ. Энэ хугацаанд сунгаагүй бол хугацаа дууссанаас хойш 30 хоног домэйн нэр ажиллахгүй ч, сэргээгдэх боломжтой suspend төлөвт байна. Ингээд устгалын ангилалд шилжинэ, үүнээс барагцаалбал 30 хоногийн дараагаар системийн бүртгэлээс гарч, хэд хоногийн дараа бүрэн устгагдана.

Ингэж хугацаа нь дуусч устгагдсан домэйн нэр нийтэд нээлттэй болж дараагийн хэрэглэгч худалдаж авах боломжтой болох бөгөөд  хуучин эзэмшигчийн мэдээлэл мөн устгагдаж, домэйн нэрийг шинээр худалдан авч одоо эзэмшиж буй хэрэглэгчийн мэдээлэл Whois мэдээллийн санд тавигддаг.